Сум
Нийслэлийн Статистикийн газар нь албан ёсны болон захиргааны статистикийн үйл ажиллагааг эрхэлдэг төрийн захиргааны байгууллага юм. Тус газар нь нийслэл хотын 9 дүүрэгт статистикийн хэлтэс, ажилтантай бөгөөд Үндэсний Статистикийн хорооны орон нутаг дахь хамгийн том салбар нэгж билээ.
Нийслэлийн Статистикийн газар (НСГ) нь нийслэлийн эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны талаарх статистикийн мэдээллээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад адил тэгш үйлчилдэг төрийн байгууллага юм.
 
 

Эрхэм зорилго
 

 
Бид Нийслэлийн статистик мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрхлэн гаргаж, хэрэглэгчдэд адил тэгш үйлчилнэ.
 
 

Статистикийн байгууллагын тогтолцоо
 


БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Статистикийн товчоог байгуулсан.
Монгол Улсын Статистикийн тухай хуулийг 1997 онд шинэчлэн баталснаар Статистикийн алба нь Засгийн газраас хараат бус бие даасан байгууллага болсон.   

Нийслэлийн Статистикийн байгууллагын тогтолцоо нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар нийслэл хотын хэмжээнд төвлөрүүлэн эрхэлдэг бөгөөд Нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн газар, хэлтсээс бүрдэнэ. Хороонд статистикийн үйл ажиллагааг хорооны Засаг дарга эрхлэн гүйцэтгэж байна.
 
2024 оны байдлаар Нийслэлийн Статистикийн газар нь 3 хэлтэс, 22 албан хаагч, төвийн 6 дүүргийн Статистикийн хэлтэст тус бүр 5 албан хаагч, Багануур, Налайх дүүргийн Статистикийн хэлтэст тус бүр 3, Багахангай дүүрэгт 1 албан хаагч нийт 59 төрийн захиргааны албан хаагчтайгаар статистикийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байна.
  
 

Статистикийн үйл ажиллагаа
 


Монгол Улсын Статистикийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Статистикийн газар нь Нийслэлийн Засаг даргын статистикийн талаарх бүрэн эрхийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж, статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийн сан байгуулах, хадгалах зэрэг статистикийн үйл ажиллагааг явуулж байна.
Бид албан ёсны статистикийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримталдаг: 
 
  • Албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх
  • Шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх
  • Мэдээлэл үнэн, бодитой байх
  • Мэдээлэл шуурхай байх
  • Статистикийн мэдээлэл нь нийтэд хүртээмжтэй, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх
  • Статистикийн үзүүлэлт, арга зүй нь олон улсын статистикийн стандарт, арга зүйтэй нийцсэн байх
  • Статистикийн мэдээллийг бага зардлаар, мэдээлэгчид ачаалал багатай арга хэлбэрээр цуглуулах
 


Статистикийн мэдээллийн тогтолцоо
 


Статистикийн мэдээлэл нь албан ёсны болон захиргааны гэсэн 2 төрөл байна. Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний Статистикийн хороо, яам, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг дарга эрхлэн гаргадаг.

Албан ёсны статистикийн мэдээлэл гэж Үндэсний Статистикийн хорооноос баталсан аргачлал, үзүүлэлтээр Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны холбогдолтой үзүүлэлтээр гаргасан мэдээлэл, статистикийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мэдээлэл юм.

Захиргааны статистикийн мэдээллийг Үндэсний Статистикийн хорооноос баталсан, зөвшөөрсөн аргачлал, үзүүлэлтээр яам, Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын хэрэгцээнд зориулан цуглуулж боловсруулдаг.

НСГ нь долоо хоног, сар, улирал, хагас жил, бүтэн жилийн давтамжтай албан ёсны статистикийн 59 төрлийн мэдээ тайлан, захиргааны статистикийн буюу нийслэлийн Засаг даргын албан хэрэгцээнд зориулж 15 төрлийн мэдээг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн 60 гаруй мянган аж ахуйн нэгж, байгууллагаас шууд болон 9 дүүргийн статистикийн хэлтсээр дамжуулан цуглуулдаг.
 


Статистикийн бүтээгдэхүүн
 


НСГ-аас долоо хоног бүрийн Лхагва гарагт нийслэл хотын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааны дүн, сар бүр “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн танилцуулга, жилд “Нийслэл хот”, “Нэмүү өртөг” гэсэн танилцуулга, хотын хөгжлийн статистик үзүүлэлтийн олон жилийн динамикийг бэлтгэн цахим хуудсаар тархааж байна. Үүний зэрэгцээ жил бүр нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай тусгайлсан сэдвээр статистикийн судалгааг хийж, судалгааны үр дүнгийн танилцуулгыг статистикийн мэдээллийг хэрэглэгчид цахим болон хэвлэмэл байдлаар тархаадаг.

Нийслэлийн Статистикийн газар

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15160, Жигжиджавын гудамж-9, Нийслэлийн засаг захиргааны II байр "Хангарди ордон" 10 давхарт байрлаж байна.
Холбоо барих: +(976)-11-328787, 327946, 322783
Цахим хаяг: ulaanbaatar@nso.mn
Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft