Сум

Улаанбаатар хот - Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын гол төв юм. Улсын нийт хүн амын 45 гаруй хувь, аж ахуйн нэгж, байгууллагын 66 хувь зөвхөн Улаанбаатар хотод суурьшиж байгаагаас иргэдийн хадгаламж, банкны зээл, автомашин, их эмчийн дийлэнхи хувь нь бас ногдож байна. Эрүүл мэнд, сургууль, аж үйлдвэр, санхүүгийн үйл ажиллагаа, өндөр орлоготой хүмүүсийн төвлөрлөөс харахад Монгол Улсын эдийн засагт Улаанбаатар хотын гүйцэтгэх үүрэг асар их.  Нийслэлд хотод манай улсын их дээд сургуулиудын 88.5 хувь нь байршиж, түүнд нийт оюутан сурагчдын 95.3 хувь нь суралцаж байна. Хот суурин газарт хүн амын дийлэнх төвлөрч байгаа нь тухайн газар нутгийн хүн амын бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт, хэрэгцээг нэмэгдүүлж, тэр хэрээр эдийн засгийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгож байна. Хот өөрөө нийгэм, эдийн засаг, засаг захиргаа, соёлын байгууллагууд төвлөрсөн томоохон суурин газар гэдгээрээ хүн бүхэн өдөр тутам хийдэг эдийн засгийн, нийгмийн, улс төрийн эсвэл соёлын гэх мэт олон чиглэлийн сонголтыг хийх өргөн боломжийг хүнд олгож байдаг. Нийслэл хотод манай улсын эдийн засгийн идэвхитэй хүн амын 34.4 хувь нь төвлөрчээ. Монгол улсын барилга угсралт, их засварын ажлын 67 хувь, худалдааны үйлчилгээний байгууллагуудын борлуулалтын 51 хувь нь нийслэлд хийгдэж байна. Улаанбаатар хотын барилгын үйлдвэрлэл болон үйлчилгээний салбар нь хөдөө орон нутгаас шилжин ирэгчдийг шингээх гол зах зээл болж байна. 

Нийслэл хотын эдийн засаг нь бөөний болон жижиглэнгийн худалдаа, засварын үйлдвэрлэл хувийн хэрэглэгчдийн тусламж дэмжлэгтэйгээр эрчимтэй өсч байна. Бөөний болон жижиглэнгийн худалдаа, барилгын үйлдвэрлэл нь Улаанбаатар хотын эдийн засгийг идэвхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж байна. 2000 онд Улаанбаатар хотод шилжин ирэгчдийг их шингээдэг салбар нь боловсруулах үйлдвэр, зочид буудал, зоогийн газар байсан бол 2010 онд хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбар болж өөрчлөгдсөн байна. Энэ нь Улаанбаатар хотын чинээлэг давхаргад үзүүлэх үйлчилгээ улам бүр өргөжиж Улаанбаатар хотын захын хороололд хүмүүс шилжин ирээд мал маллаж эсвэл газар тариалан эрхэлж амьдрах болсныг харуулж байна. Улаанбаатар хотын хүн амын нийт хүн амд эзлэх хувь өссөөр байгаа нь нийслэлийг бусад аймаг, хотоос хэд дахин олон хүн амтай, улсын хэмжээний “хэмжээлшгүй том хот” болсоор байгааг харуулж байна. Нийслэл хотын эдийн засаг 6 их наяд төгрөгийн хэмжээтэй болсон ч хотын төсөв түүний 4 орчим хувьтай тэнцэж байна. УБ хотын захиргаа Монгол улсын хүн амын 44 хувь, аж ахуйн нэгжийн 60 гаруй хувь нь төвлөрсөн улсын эдийн засгийн 70 орчим хувийг зохицуулж байна. Ялангуяа хүмүүсийн хооллох, эрүүл байх, сурах гэх мэт амьдрах бүх үйл ажиллагааг нийслэл хотын захиргаа зохицуулж байна.

Хотын эдийн засаг буюу хотын хөдөлмөрийн зах зээл хот сууринд амьдран суугчдыг бүгдийг шингээж чаддаггүй тул шилжин ирэгсэд болон ядуучууд нь ажилгүй, орлогогүй хэвээр үлдэх магадлал өндөр байдаг. Үүний гол шалтгаан нь тухайн жилд шинээр бий болж буй ажлын байртай тэнцэхүйц хэмжээний хүн нийслэлд шилжин ирж байгаатай холбоотой. Нийслэлд ажил эрхлэх боломж байгаа ч шилжин ирэгчид нь мэргэжил, ур чадварын хувьд гологдож байна.

Монгол улсын хувьд зөвхөн Улаанбаатар хотод хүн ам олноороо төвлөрч, нягтрал бий болж байна. Хүн амын хэт төвлөрөл, нийгмийн болон нийтийн үйлчилгээний хэт ачааллаас үүдэлтэй хөрсөн бүрхэвч, усан орчин, агаарын чанарын бохирдол, хог хаягдал зэрэг нь бидний амьдралын тав тухтай таатай орчинд сөргөөр нөлөөлж  улмаар хүний хөгжлийг хангах боломжийг хязгаарлагч хүчин зүйл болжээ.

Хот суурингийн хүн амыг шаардлагатай цэвэр ус, дулаан хангамж, эрчим хүчээр хангаж буй өнөөгийн үйл ажиллагаа нь бохирдол, хог хаягдал үүсэх үндсэн нөхцөл, шалтгаан болж байна. Хүн амын энэ төвлөрөлийг багасгахыг онцгой анхаарахаас илүүтэй үүнийг үр ашигтай ашиглах нь ойрын ирээдүйд нийслэл хотын хөгжилд хөшүүрэг болно. Ялангуяа амьдрах тав тухтай таатай орчныг бий болгохын тулд байгаль орчин ба хүн ам, эдийн засгийн нягтралыг бий болгох, үйлдвэрлэл, хүн амын хэрэглээнээс орчинд үзүүлэх дарамтыг бууруулах, орчинд ээлтэй технологи, бараа, үйлчилгээний зах зээлийн өсөлтийг дэмжих, орчинд ээлтэй, үр ашигтай хөрөнгө оруулалтыг ихэсгэх арга хэрэгслийг өргөн дэлгэр ашиглах хэрэгтэй.

Монгол хэл дээр татан авч унших     Англи хэл дээр татан авч унших     Илтгэл хэлбэрээр татан авах /Англи хэл дээр/

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft