Улс орнууд хүн амаа 10 жил тутам тоолж байх тухай НҮБ-ын зөвлөмж бий. 2010 онд дэлхийн 43, үүний дотор Азийн 12 улс орон тооллого зохион байгуулсны нэг нь Монгол Улс байв. Ээлжит тооллогоо “Хүмүүнд төр эрхэм,төрд хүмүүн эрдэнэ” уриан дор 2010 оны 11 дүгээр сарын 11-нээс 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явуулав. Энэ тооллого нь Монгол Улсын түүхэн дэх 10 дахь удаагийн, XXI зууны анхных байлаа. Энэ удаагийн тооллого өмнөх тооллогуудаас нэлээд онцлогтой болсон. ”Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” Монгол Улсын хуулийг Улсын Их Хурлаас 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан. Энэ хуулиар тооллого явуулах байнгын бүтэц, эдийн засгийн баталгаа, хамрах хүрээ, мэдээлэл цуглуулах, боловсруулах асуудал зэргийг баталгаажуулсан юм.
Харилцаа холбооны технологи өндөр хөгжсөн өнөө үед Монгол Улс гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэдээ анх удаа интернэтээр тооллоо. Гадаадын олон орны туршлагад тулгуурлан орон зайн газарзүйн мэдээллийг тооллогын үр дүнтэй холбож, хамгийн ойлгомжтой хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх орчин үеийн газарзүйн мэдээллийн системийг ашигласан анхны тооллого болов.
Хүн ам, орон сууцны тооллого нь хүн амын тоо, нас хүйсийн бүтэц, угсаатны бүрэлдэхүүн, байршил, боловсрол, эдийн засгийн идэвх, орон сууцны төрөл, нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн маш дэлгэрэнгүй тоо баримтыг агуулдаг, энэхүү үр дүнг засаг захиргааны анхан шатны нэгж, үүнээс ч бага төвшинд гаргах боломжтой цорын ганц мэдээллийн эх үүсвэр билээ. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын үр дүнд үндэслэн өөрийн орны нөхцөл байдалд нийцсэн, амьдрах чадвар бүхий хөгжлийн зохистой загвар, үзэл баримтлалыг тодорхойлох сайхан боломж нээгдэж байна. Ялангуяа, шинээр барьж байгуулах нийгэм, соёлын газрууд, сургууль, эмнэлгийг хаана ямар багтаамжтай, хүчин чадалтай байгуулах, орон сууцны нөхцөл, хангамжийг зөв төлөвлөж, хэрэгжүүлэхэд тооллогын үр дүн үндэслэл болох учиртай. Түүнчлэн, хүн ам зүйн олон үзүүлэлтүүд үүний дотор хүн амын суурьшил, байршлыг зөв оновчтой зохицуулах, төвлөрлийг сааруулах талаарх төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулахад тооллогын үр дүн чухал ач холбогдолтой юм.
Тооллогын үр дүнг төр засаг, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдэд өргөн хүртээмжтэй тархаах нь Үндэсний статистикийн байгууллагын эрхэм үүрэг. Тооллогын дүнг улс аймаг, нийслэлээр төрөлжүүлэн мэдээлэхээс гадна тодорхой сэдвээр гүнзгийрүүлсэн судалгаануудыг хийж, хэвлэн тараах болно.
Энэхүү ном нь 12 бүлэг, тооллогын нэгдсэн үр дүнгийн гол гол үзүүлэлтээс бүрдсэн хавсралтаас бүрдэнэ. “Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогыг зохион байгуулж явуулсан тухай“ 1 дүгээр бүлэгт тооллогын эрх зүйн үндэс түүний зохицуулалт болон тооллогын төлөвлөлт, онцлог, ухуулга сурталчилгаа зэрэг зохион байгуулалттай холбогдолтой арга хэмжээнүүдийг цогц байдлаар тусгасан. Хүн амын тоо, өсөлт, улсын харьяалал, үндэс угсаа, нягтрал, суурьшил зэрэг хүн ам зүйн гол үзүүлэлтийг 2-4 дүгээр бүлэгт, хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, хотжилт, өрх, гэр бүлийн байдал, эдийн засгийн идэвх, орон сууцны нөхцөл зэргийг тус бүрд нь бүлэг болгосны гадна тооллогод шинээр тусгасан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, интернэт, гар утас хэрэглэгчдийн тоо, бүтэц, гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн талаар тус бүрд нь бүлэг болгож оруулав. Номын 2 дугаар бүлэгт гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагар оршин сууж байгаа Монгол Улсын харьяат иргэдийн тоо орсон, харин бусад бүлгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт тоологдсон хүн амын тоонд тулгуурлан бичсэнийг хэрэглэгчид анхаарах нь зүйтэй.
Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын үндсэн үр дүнг татаж авах бол энд дарна уу.