Монгол улсад хүн амын өсөлтөөр Улаанбаатар хот бусад бүс нутаг, аймаг, хоттой харьцуулахад “хэмжээлшгүй” том засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болсоор байна.Улаанбаатар хотод 2012 оны эхэнд Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын 45.8 хувь буюу 1,206.6 мянган хүн байнга оршин сууж байна. Улаанбаатар хотын хүн ам 1956 онд улсын нийт хүн амын 14.0 хувийг эзэлж байсан бол 1969 онд 22.3 хувь, 2010 онд 43.6 хувьд хүрсэн байв.
Монгол Улсын хотын хүн амын дийлэнх буюу 64.2 хувь зөвхөн Улаанбаатар хотод амьдарч байна. Үүний дараа Эрдэнэт, Дархан хот орж, бусад хот, суурин газарт хотын хүн амын 26.9 хувь нь оршин сууж байна.
Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээс харахад дийлэнх аймгийн хүн амын тоо буурч, улсын дүнд эзлэх хувийн жин нь багасч байхад Улаанбаатарынх эрчимтэй өсчээ. Монгол улсын хүн амын дотоод шилжилт хөдөлгөөн Улаанбаатар руу чиглэсэн хэвээр байна.
Манай улсын хамгийн их хүн амтай Хөвсгөл аймгаас 5-аас 168 мянгаар илүү хүн ам нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт тус тус байнга оршин сууж байна.
Монгол улсад үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн бусад үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн 83 хувь, тээвэр, холбооны салбарын ААН-ийн 80 хувь, барилгын нийт ААН-ийн 80 хувь нь тус тус нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байна.
Нийслэлийн эдийн засгийн 68.8 хувийг үйл-чилгээний, 30.7 хувийг аж үйлдвэр, барил-гын салбар, 0.4 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлдэг. Нийслэлийн эдийн засагт бөөний болон жижиглэн худалдаа, боловс-руулах үйлдвэрлэл, уул уурхай, олборлолт, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа хамгийн их эзлэх хувийн жинтэй байна.
Хөрөнгө оруулалтын хэмжээ 2010 оныхоос 2.2 дахин буюу 2,095.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нийт хөрөнгө оруулалтын 49.5 хувийг гадаадын, 50.5 хувийг дотоодын хөрөнгө оруулалт эзэлж байна. 2011 онд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оноос 48.9 хувиар, дотоодын хөрөнгө оруулалт бараг 4 дахин өсчээ.
Нийслэлийн аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн 2011 онд 2,433.1 тэрбум төгрөг болж, 2,924.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь 2010 онтой харьцуулбал үйлдвэр-лэлт 27.1 хувиар, борлуулалт нь 33.7 хувиар тус тус өссөн байна. Нийт борлуулалтын 1,251.6 тэрбум төгрөгийг дотоодод, 1,672.7 тэрбум төгрөгийг гадаадад борлуулсан байна. Манай улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтын 52.0 хувийг нийслэлийн аж үйлдвэрийн салбарын борлуулалт эзэлж байна.
Улсын боловсруулах аж үйлдвэрийн салбарын дүнд нийслэлийн салбарын үйлдвэрлэлт 42.2 хувийг эзэлж байна.
Монгол улсын 2011 оны барилга угсралт, их засварын нийт 745.0 тэрбум төгрөгийн ажлын 75.4 хувь нь нийслэл хотод хийгдсэн байна. Нийслэлд 420 гаруй аж ахуй нэгж байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж, нийт 561.6 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь өмнөх оноос 1.7 дахин өсчээ.