Сум

Статистикийн тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын 2012 оны 137 дугаар тогтоолын дагуу манай улсад анх удаа хөдөө аж ахуйн тооллого 2012 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 15-ны өдрүүдэд болно. 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 299 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн тооллогыг нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах ажлын хэсгийг байгуулав. Нийслэлийн дүүргийн тооллогын ажлын хэсэгт нийт 130 орчим тоологч ажиллана. 

Анхны тооллогод нийслэлд хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 560 орчим аж ахуйн нэгж, байгууллага, газар тариалан эрхэлдэг 4940 өрх, 2011 оны мал, тэжээвэр амьтдын тооллогод хамрагдсан өрхийн 33 хувь буюу 1653 өрхийг хамруулна. 

Хөдөө аж ахуйн тооллогыг явуулснаар хөдөөгийн хөгжил, байгаль орчин, ус, газар ашиглалт, цөлжилт, загас, ойн аж ахуйн талаарх мэдээлэл, хөдөө аж ахуй эрхэлж буй өрхийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас олж буй орлого, үйлдвэрлэлийг явуулахтай холбогдон гарч буй зардал, түүнчлэн хүнсний аюулгүй байдал, хомсдол, хангамж, мал эмнэлэгийн үйлчилгээний талаар иж бүрэн мэдээлэлтэй болно. 

Хөдөө аж ахуйн тооллогыг явуулснаар олон улсын хэмжээнд зэрэгцүүлж болохуйц ХАА-н статистик мэдээллийг цуглуулах, бий болгох, хөдөө аж ахуйн статистикийн дэлхий нийтийн нэгдсэн системийг бүрдүүлэх, сайжруулах болон дэлхийн эдийн засгийн хөгжлийн үйл явцыг хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, ядууралтай холбон үнэлж, дүгнэх бололцоог олгодгоороо ихээхэн ач холбогдолтой юм. Иймээс Монгол улс түүхэндээ анх удаагаа Хөдөө аж ахуйн тооллогыг “НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас ХАА-н тооллогыг 2006-2015 онд явуулах Нэгдсэн Хөтөлбөр”-ийн дагуу зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft